БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН III ЧУУЛГАН БОЛЛОО
2018-04-30

Баянзүрх дүүргийн зүгээс 2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн орчинд хүүхдийн эрх хамгааллыг бэхжүүлэх ажилд тулгарч буй асуудлуудыг хүүхдийн оролцоонд нь тулгуурлан гаргаж ирж шийдвэрлэх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд шийдвэрлэх шатны оролцоог хангах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан  Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, НҮБ ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн  олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд хамгаалалд миний оролцоо” сэдэвт  Баянзүрх  дүүргийн хүүхдийн III чуулга  уулзалтыг  04 дүгээр сарын 30 ны  өдөр зохион байгууллаа.

Уг чуулганд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ц.Батхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын  орлогч Т.Батцогт,Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа нар болон Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар, 28 хорооны засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн 23 сургуулийн захирал, сурагчдын  төлөөлөл гээд нийт 264 хүүхэд, 100 гаруй албаны хүмүүс оролцлоо.

Чуулган нийт  3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд урьдчилан хүүхэд хамгааллын аяныг 2 сарын турш дүүргийн хэмжээнд зохион байгуулж мөн төлөөлөгч хүүхдүүдийн дунд

  1. Хүүхдэд ээлтэй гэр бүл

  2. Хүүхдэд ээлтэй орчин

  3. Хүүхдэд ээлтэй засаглал

  4. Хүүхдийн оролцоо,нөлөөлөл гэсэн 4 бүлэг сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, шийдлүүдийг хүүхдүүд чуулганы үеэр томчууддаа хүргэж санал нэгтэй баталсан зөвлөмжөө дүүргийн удирдлагуудад гардуулан өгч хэрэгжүүлэхийг хүссэн юм.

Шийдвэр гаргах түвшиний хүмүүс болон багш, захирал, удирдлагуудаа оролцуулан хүүхдүүд өөрсдөө  ээлтэй орчин бүрдүүлэхэд тулгараад байгаа асуудлаа ний нуугүй ярилцаж, санаа бодлоо чөлөөтэй хэлж дамжуулж байсан нь энэ чуулганы онцлог байсан бөгөөд цаашид ч хүүхдүүдийн оролцоог хангасан арга хэмжээг явуулж байхыг төлөөлөгчид хүсч байлаа.

Мөн “Хүүхэд хамгаалал миний оролцоо” хүүхдийн III чуулганыг дүүрэг дэх Цагдаагийн I, II, III хэлтсүүд, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Тарвалин хийд, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Скаутын холбоо, Ирээдүйн Монгол ТББ дэмжин дуу хоолойгоо нэгтгэлээ.