“Үнэ цэнэтэй гэр бүл” өдөрлөг боллоо
2019-05-15

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд манай улсад 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Үнэт зүйлийн боловсрлын академи”-тай хамтран “Үнэ цэнэтэй гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Эрдэнэсайхан, Д.Энхтүвшин, А.Эрдэнэсайхан, Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан нар оролцож, тэдгээр гэр бүлүүдэд баярын мэнд хүргэсэн юм. Өдөрлөгт уригдан оролцсон гэр бүлүүд нь 3 дугаар сард дүүргийн хороодоор явагдсан “Гэр бүлийн үнэт зүйлс” бүсчилсэн сургалтанд идэвхитэй хамрагдсан, гэрлээд 2 жил болж байгаа, анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа залуу хосоос эхлээд 32 жил ханилсан, олон ач, зээгийн өвөө эмээ болсон нас насны хосууд байлаа. Хосууддаа зориулаад бие биенээ хүндэтгэх, хайрлах, итгэхийн чухлыг ойлгуулж, амьдралын ямар ч тохиолдолд нэг нэгнээ гэсэн сэтгэлээр амьдрах хэрэгтэйг захилаа. Хосууд хоёр биендээ үнэнч байж, аз жаргалтай гэр бүлийг цогцлоохоо андгайлж, гэр бүлийн тангараг өргөж, халуун дотноор тэврэлдлээ. Нийгмийн нэгж болсон гэр бүлүүдийн аз жаргалтай, тогтвортой амьдрал нийгэмд хичнээн үнэт зүйл болохыг хосууд маань ойлгож, өдөрлөгт оролцсондоо талархсанаа илэрхийлж байлаа.