ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2019-09-20

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг төслийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар өнөөдөр Баянзүрх эмнэлгээр орж, тус эмнэлгийн хүлээн авах,яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасаг, шинээр баригдаж буй мэс заслын тасаг,өдрийн хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр эмнэлгийн ерөнхий эмч Ө.Айгиймаа өнөөгийн нөхцөл байдал, үйл ажилаагааны талаар товч танилцуулга хийсэн юм.

2019 оны байдлаар Баянзүрх эмнэлэг нь Хүүхдийн өвчин судлалын, Насанд хүрэгчдийн өвчин судлалын, Хүлээн авах, яаралтай тусламжийн, Сэргээн засах, уламжлалт анагаахын, Амбулатори онош зүйн, Эмчилгээний хоол судлалын гэсэн 6 төв, Эм хангамж, үйлчилгээний тасаг, Захиргаа, удирдлагын газар гэсэн 8 нэгжтэй, эмчилгээний 458 ортой, 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 300 шахам ажиллагчтайгаар дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, жилд 20,000 гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж байна.

Ерөнхий эмч Ө.Айгиймаагийн дурдсанаар тус дүүргийн иргэдийн тоо 345000 гэсэн албан тоо байгаа хэдий ч  орон нутгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор түр ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байна. Энэ хүн амын механик өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмж байгаа тул яаралтай түргэн тусламжийн хүлээн авахаа өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгарч байгааг дурдаад мөн шинээр нээгдэж байгаа мэс заслын  тасгийг гүйцээн ашиглалтанд оруулахад дэмжлэг хэрэгтэй байгааг ярилаа.

Сүүлийн жилүүдэд өвлийн эхэн цагт тоосжилт хэвийн хэмжээнээс хэд дахин ихсэж, иргэдийн хувьд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэн байна.

Засаг дарга Т.Баясах эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, санал санаачлагатай ажиллаж буйд нь Баянзүрх эмнэлэгийн хамт олонд талархахын зэрэгцээ бүхий л нөөц бололцоондоо тулгуурлан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.