НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2021-03-26

Хуулийн төсөл - https://online.fliphtml5.com/qdhzb/ijcr/

Хуулийн төсөлд санал өгөх хуудас - https://online.fliphtml5.com/qdhzb/lqwx/#p=1

 

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байхаар тодорхойлсон.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах үндэслэл болно. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдох арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр заасан.

Монгол Улсын Их Хурал 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулж ирсэн бөгөөд нэг удаа уг хуульд өөрчлөлт орсон байна.

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад 150 гаруй хуулиар зохицуулж байна. Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх эдгээр хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалтууд нь давхардсан зэрэг зөрчил бий болсон, нийслэл хот цаашид ямар загвараар хөгжих, онцлог нь юу болох, ямар чиг үүрэг гүйцэтгэх, төр засагтай хэрхэн, ямар хэмжээнд харилцах, бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал зөвлөмж гарсаар байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Нийтлэг үндэслэл, Нийслэл хот, түүний чиг үүрэг, Нийслэл хотын эдийн засгийн харилцаа, Нийслэл хотын удирдлага, түүний бүрэн эрх, Нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, Нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, Бусад гэсэн 7 бүлэг, 46 зүйлээс бүрдэх бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан.

1/ Хуулиар зохицуулагдах эхний бүлэг харилцаа нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээ, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс, нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, нийслэл хотын онцлогтой холбоотой харилцаа бөгөөд одоогийн хүчин төгөлдөр хуулиар тодорхойлсон хуулийн зорилт, зохицуулах харилцааг өргөтгөж, нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

2/ Нийслэл хот, түүний чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын төрийн дээд байгууллага байнга оршдог нийслэл Улаанбаатар хотын хувьд хэрэгжүүлэх тусгай чиг үүргийг тодорхойлж, төрийн дээд байгууллагатай харилцах эрх зүйн үндсийг тусгахыг зорьсон.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас бусад чиг үүргийг энэ бүлэгт тодорхойллоо.

1. 3/ Нийслэл хотын эдийн засгийн харилцаа гэсэн бүлэгт Нийслэл нь нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан.

Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээд нь нийслэл хотоос үйлчилгээ хүртэж холбогдох татвар, хураамж, төлбөр төлөх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар тодорхой зохицуулалтыг тусгаж, концесс, нийслэлийн сан, чөлөөт бүсийн талаар энэ хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулахаар тусгасан.

4/ Нийслэл хотын удирдлага, түүний бүрэн эрх гэсэн бүлэгт нийслэлийн удирдлагын одоогийн тогтолцоог хэвээр хадгалахын зэрэгцээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн онцлог бүрэн эрхийг тодорхойлсон. Мөн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч зарим бүрэн эрхээ хотын Ерөнхий менежерт шилжүүлэх боломжийг бий болгосон.

5/ Нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцааны хүрээнд нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нийслэлийн удирдлагын зүгээс төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хот, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгжтэй харилцах харилцааны онцлогийг тусгасан.

6/ Нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах онцлог харилцаа юм. Хэдийгээр одоогийн хуулиудаар энэ асуудал хөндөгдсөн боловч, дагуул хот, хаяа тосгон, түүнтэй холбоотой бусад харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн тул энэ бүлэгт дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгасан.

7/ Бусад гэсэн бүлэгт нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа, нийслэлийн өдөр, шагнал, нийслэл хотын судалгааны байгууллагын талаар тусгалаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулсан.

-ооОоо-