Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар тус дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцож ном хуруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолын өмнө хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нартай нь уулзалт хийж гарын бэлгээ гардууллаа.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд өөрөө хэлмэгдсэн 7 хүн, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд 160 гаруй хүн бүртгэлтэй байдаг.
Улс төрийн талаар иргэдээ хилс гүтгэж хэлмэгдүүлсэн тэртээх он жилүүд бидний ард улиран одож, хувь хүнд гашуун дурсамж, улс гүрний хувьд эмгэнэлт түүх болон үлджээ.
Монгол Улсад Ардчилал хүний эрхийг дээдлэх, шударга ёсыг төлөвшүүлэх тэмцэл өрнөсний үрээр түүхийн үнэнийг сэргээж туулсан замаа эргэцүүлэн харах бололцоо бүрдсэн.
Ирээдүй хойч үеийнхэнд маань энэ гашуун түүх дахин давтагдахгүй байх болтгугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна