Мэдээ мэдээлэл

6g

"Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Админ
2015/12/11

“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр /2015.12.11/ Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ хамтран, НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл хэрэгжих юм.

      Уг төслийн нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрээр төслийг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлээд, Улсын Их Хурлаар Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиуд батлагдаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нөхцөл бүрдэж байна. Энэ хүрээнд “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ гэдгийг танилцууллаа.

      Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл нь цахим засаглалын платформыг ашиглан хууль боловсруулах үйл явц дахь иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн хууль тогтоох үйл явцад өргөдлийн механизмыг ашиглан иргэдийн оролцох чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

      Платформ гэдэг нь энгийнээр тайлбарлавал олон нийт цахимаар зэрэг хандаж, мэдээлэл болон контентийг үзээд сэтгэгдэл, саналаа хэлдэг талбар гэж ойлгож болно. Энэ нь ухаалаг утас таблет дээрээ тухайн аппликейшныг татаж аваад иргэн та тухайн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа өгснөөр таны санал шууд хууль санаачлагчид хүрч таны оролцоо бодитоор хангагдана гэсэн үг юм.

       Мөн энэ төсөл хэрэгжиж эхэлснээр иргэн та саналаа өгөхөд танд идэвхитэй хандсанд талархал илэрхийлээд, саналыг тань тусгасан, эсхүл саналыг тусгах боломжгүй байгааг тайлбартайгаар эргэн мэдэгдэж эргэх холбоо үүсгэн бодит харилцаатай болох юм байна.

    Энэхүү төсөл нь хүмүүсийн хэрэглээнд суурилж, техник технологийн дэвшлийг ашиглан иргэдийн оролцоог цахимаар хангах шинэлэг хэлбэрийг  нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна