Мэдээ мэдээлэл

ДҮҮРГИЙН ТӨВ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ДЭРГЭД “ИРГЭДИЙН САЙН ДУРЫН ОРОЛЦООНЫ КЛУБ” БАЙГУУЛАГДЛАА

Админ
2021/09/07

Үндсэн хуулиндаа бид “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” хэмээн зарлан тунхагласан байдаг. Эрх чөлөөт тусгаар тогтносон орны иргэдийн хувьд бид Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхээ ухамсарлан төрийн хэрэгт өөрсдийн оролцоог хангаж байж, төрийн vйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болж чадна.

Тиймээс иргэд өөрсдийн амьдрал, аж байдалд нөлөөлөх шийдвэр гаргах үйл явцад өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан шууд болон шууд бус замаар оролцох, өөрсдийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих зэргээр төр болон иргэд хоорондын харилцан итгэлцэл бүхий тогтвортой харилцааг бий болгох, эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Дүүргийн Иргэний танхимын дэргэдэх оролцооны клубыг байгууллаа.

Энэхүү клуб нь нийгмийн бүхий л бүлгийн төлөөллөөс бүрдсэн клуб байх бөгөөд иргэдэд үнэн зөв, эерэг мэдээлэл түгээх, эрх мэдэлжүүлэх, чадвар, чадамжийг дээшлүүлэх замаар оролцох эрхийг нэмэгдүүлэх юм.

Клубын гишүүдэд хүүхэд, залуучууд, дунд нас, ахмад насны төлөөлөл байхаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлээс, бага насны хүүхэдтэй залуу гэр бүлээс, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүлээс, өрх толгойлсон өрөөсгөл гэр бүлээс, мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч болон томоохон бизнес эрхлэгч, ТББ-ын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн давхарга, өөр хоорондоо ялгаатай бүлгийн төлөөллүүдээс бүрдэж байгаагаараа онцлог юм.

Цаашид иргэдийн сайн дурын оролцооны клубээр дамжуулан “ИРГЭНИЙ ТАНХИМЫГ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ МЭРГЭШСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ” зорилт тавин ажилласнаар, иргэд нь иргэний танхимаар уламжлуулан санал бодлоо илэрхийлдэг, өөрсдийн сайн сайхан амьдралын төлөө эвлэлдэн нэгддэг, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж, харилцан бие биенээсээ суралцдаг, нээлттэй иргэний оролцооны танхим болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна