Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Ү.Оюунзул, Э.Одонтуяа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан болон холбогдох албаныхан, дүүргийн иргэд оролцлоо.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Тэрбээр түгжрэлийг бууруулах хүрээнд 10 төсөл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 6 томоохон төсөл зэрэг нийт 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс нэн тэргүүнд метроны төсөл хэрэгжиж эхлэх бол сүүлийн төсөл 2033 онд дуусна гэдгийг онцолсон.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийг 3 хотод хувааж, бүс нутгийн онцлогоос хамааран хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Ингэхдээ “Баянзүрх хот- Худалдаа, үйлчилгээний хот”, “Дарь Эх хот- Соёл боловсролыг дэмжих хот”, “Амгалан хот - Эрүүл мэндийн дэмжих” хот байхаар тус тус төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна