Баянзүрх дүүрэг нь 60 жилийн өмнө энэ өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Найрамдалын район нэртэйгээр байгуулагдаж, 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын 18 дугаар тогтоолын дагуу Баянзүрх хайрханаараа овоглон "Баянзүрх дүүрэг" нэртэй болсон.
Баянзүрх дүүрэг нь өдгөө 131 мянга гаруй өрх 450 мянга орчим хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг болон хөгжжээ.
Дүүрэг анх байгуулагдсан энэхүү түүхэн өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болж 7 асуудлыг хэлэлцэж тогтоол баталлаа. Мөн өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй тул өнгөрсөн түүхийг бүтээлцсэн эрхмүүдийн төлөөлөл Баянзүрх дүүргийн туг, сүлд, өндөрлөгийн загварыг гаргасан Х.Цэрэндаваа гуай хүндэт зочноор уригдан үнэтэй сургаалаа хэлсэн.
Хуралдаанаар хэлэлцсэн 7 асуудлаас онцолбол, Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуульд нийцүүлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй ажиллах хүрээнд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хэмээх шинээр үүсэж буй бүтцийг хамтарсан багт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Ямар нэг орон нутаг сум сууринг хүнээр төсөөлбөл, судас нь авто зам юм. Баянзүрх дүүргийн хөгжлийн тодорхойлох нэг хүчин зүйл болох авто замын арчлалт үйлчилгээг хариуцах орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэн баталлаа.
Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн тайлантай танилцаж дүгнэлтийг Аудитын газар хүргүүлэхээр боллоо.
Баянзүрх дүүрэг хүнээр бол 60 насны босго алхаж байна. Байгууллагаар бол 450 гаруй мянган хүнийг тэтгэж буй ундарга юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар дүүргийнхээ түүхэн амжилтыг бататгах үүднээс төрийн шагналд тодорхойлон уламжиллаа.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор “Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичгийг баталсан. Тус баримт бичиг нь хүний хөгжил, үр ашигтай эдийн засаг, тогтвортой ногоон хөгжил, цогц төлөвлөлттэй хотжилт, хариуцлагатай засаглал гэсэн 5 үзэл баримтлалын хүрээнд 2030 он гэхэд 36 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн түүхт 60 жилийн ойн хүрээнд дүүргийн хэмжээнд 60 бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оныг Төр хувийн хэвшлийн хариуцлага хамтын ажиллагааны жил болгон зарласан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна