Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой болон ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн сарын шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнууд болон Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ дүүргийн ИТХ ын зүгээс жил бүр нэр хүндтэй эрхэм ахмадуудаа хүлээн авч дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болохуйц үнэтэй санал, зөвлөгөөг сонсч үйл ажиллагаандаа тусгаж ирдэг уламжлалтай бөгөөд ахмад буурлууд маань туршлагаасаа харамгүй хуваалцаж байдагт талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад 1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа , улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж баталсан түүхтэй билээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах үйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар 52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулснаас Баянзүрх дүүрэгт одоо 30 депутат аж төрж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна